Нүүрсний хэрэглээ

Хэвлэх 2013-09-30 22:34:29

Түлшинд хэрэглэх

Нүүрсийг дулааны цахилгаан станцад шатааж, цахилгаан, дулаан гаргаж авахад хэрэглэх ба дэлхийн нүүрсний жилийн хэрэглээ ойролцоогоор 5.3 тэрбум тонн. Нийт нүүрсний 75% нь цахилгаан гаргаж авахад зориулагдаж байгаа ба хамгийн том хэрэглэгч БНХАУ, Энэтхэг 2 улс бөгөөд одоогийн байдлаар нэг жилд 1.7 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Уг бүс нутгийн нүүрсний хэрэглээ урьдчилсан тооцоогоор 2025 онд 2.7 тэрбумд хүрнэ гэж таамаглаж байна [2]. Одоогийн байдлаар нүүрсний хэрэглээ 3 жил тутамд ойролцоогооор 25% нэмэгдэж байгаа нь бусад төрлийн эрчим хүчний түүхий эдүүдтэй харьцуулахад хамгийн их хурдацтайгаар хэрэглээ нь нэмэгдэж байгаа түүхий эд болж байна.

Коксжуулах

Кокс нь бага үнсжилт, хүхрийн агуулгатай коксжих нүүрсийг агааргүй орчинд 1,000 oС дээш хэмд халаан гаргаж авсан саарал өнгөтэй, нүх сүвэрхэг бүтээгдэхүүн юм. Дулаан ялгаруулах чадвар өндөр, 29.6Мж/кг. Коксыг төмрийн хүдэр хайлуулахад хэрэглэнэ. Нүүрсийг коксжуулах явцад коксоос гадна нүүрсний давирхай (coal tar), хөнгөн тос, хий ялгарна.

Хийжүүлэх

Газрын тос, хийн үнийн өсөлтөөс хамааран сүүлийн жилүүдэд нүүрснээс шатдаг хий болон шингэн бүтээгдэхүүн (газрын тостой адил бүтээгдэхүүн) гарган авах технологийг эрчтэй хөгжүүлж байна. Нүүрсийг хийжүүлнэ гэдэг нь нүүрсийг өндөр даралт, температурын нөлөөн дор задлан, хийн бүтээгдэхүүн гаргаж авахыг хэлнэ. ӨАБНУ нүүрсийг хийжүүлэх технологийг өргөнөөр хэрэглэж байгаа (ганц) орон юм.

Шингэрүүлэх

Нүүрсийг шингэрүүлэн бензин, дизелийн түлш гарган авахад зориулсан хэд хэдэн технологи боловсрогдож, бэлэн болсон байна.

Fischer-Tropsch технологи дэлхийн II дайны үед Германд боловсрогдсон бөгөөд одоо ӨАБНУ-ын Sasol компани хэрэглэж байна. Уг технологи нь эхлээд нүүрсийг хийжүүлээд (тодорхой хэмжээний СО ба Н2-ийг нэмж), дараа нь уг хийгээ конденсацлан хөнгөн нүүрсустөрөгч гарган авах арга юм. Эцэст нь нүүрс устөрөгчөө дахин нэрж бензин, дизелийн түлш гарган авна.

Bergius технологи (устөрөгчжүүлэн шингэрүүлэх - liquefaction by hydrogenation)-ийг Германд боловсруулсан ба Дэлхийн I ба II дайны үед ашиглаж байв. Устөрөгчжүүлэн шууд шингэрүүлэх хэд хэдэн өөр технологи боловсрогдсоноос, АНУ-ын Gulf Oil компани боловсруулсан SRC-I and SRC-II (Solvent Refined Coal) технологи, 1976 онд Вильбурн Шроедэр (Wilburn C. Schroeder) нэр дээр патентлагдсан NUS корпорацийн технологи зэргийг дурдах хэрэгтэй юм.

NUS корпорацийн устөрөгчжүүлэн шууд шингэрүүлэх технологи нь нүүрсийг нунтаглан, хатааж, 1% молибдени катализаторийн тусламжтайгаар өндөр температур, даралтын нөлөөгөөр, бага хэмжээний хий (C3/C4), шингэн (C5-C10) - бензиний фракц, NH3, ба CO2 гаргаж авна [3]. Нүүрснээс шингэн бүтээгдэхүүн гаргаж авах өөр нэг арга нь бага температурт нүүрстөрөгчжүүлэх юм. Нүүрсийг бага температурт (450 and 700 °C) коксжуулахад, давирхай нь жирийн давирхайнаас (800 to 1000 °C-д коксжуулсанаас) илүү их хэмжээний хөнгөн нүүрс устөрөгч агуулдаг байна. Уг давирхайг дахин нэрж бензин, дизелийн түлш гарган авах боломжтой юм. Эдгээр бүх нүүрсийг шингэрүүлэх технологиудын сул тал нь газрын тосноос бензин, дизель түлш ялгаж авахаас хамаагүй илүү их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулдаг явдал юм. Тиймээс цаашид уг технологийг их хэмжээгээр хэрэглэх тохиолдолд, нүүрсийг шингэрүүлэх явцад ялгарч буй СО2-ийг багасгах, мөн агаар мандалд цацалгүйгээр, өөрөөр шийдэх хэрэгтэй гэж үзэж байгаа болно.

Жишээлбэл, ялгарч буй СО2-ийг азот, эсвэл бусад хийн тусламжтайгаар шингэрүүлэх гэх мэт. Нүүрсийг шингэрүүлэх нь нэгэн төрлийн нөөц технологи бөгөөд, газрын тосны нөөц, олборлолт багасан, эрэлт их хэмжээгээр нэмэгдсэн үед хэрэглэх боломжтой юм. Зарим судлаачдын тооцоогоор, газрын тосны үнэ 35 ам.доллар/баррель орчим (болон түүнээс дээш) байгаа тохиолдолд, АНУ дотоодынхоо нүүрснээс бензин гаргаж авах нь эдийн засгийн хувьд ашигтай гэж гарсан байна[4]. Хэдийгээр 35 ам.доллар/баррель гэдэг урт хугацааны газрын тосны дундаж үнээс өндөр байгаа ч, яг одоогийн байдлаар газрын тосны үнэ үүнээс өндөр байгаа билээ. Одоо хэрэглэгдэж буй нүүрс шингэрүүлэх технологиудын талаархи Вилиамс, Ларсон (Williams and Larson, 2003) нарын тайлангаас үзэхэд, Хятадад нүүрснээс гарган авч буй шингэн бүтээгдэхүүний өөрийн өртөг 25-35 ам.доллар/баррель байна.



Сэтгэгдэл бичих