Тавантолгойн иргэд шороонд даруулах нь

Хэвлэх 2015-02-27 10:48:12

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн ордод “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолт явуулах болсоор удаж байгаа.  2011 оноос хойш Тавантолгойн зүүн, баруун Цанхиас нүүрс олборлож, өдөр шөнөгүй Хятад руу экспортлоод ч  350 сая ам.доллараа дуустал төлж чадахгүй байгаа төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компанийн үйл ажиллагаанд нутгийн иргэд нь шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь тус компанийн нүүрс ухахдаа гаргасан хөрсний овоолгоос болоод Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн иргэд амьдрахад тун хүнд байдалд очоод байгаа  аж. Тус  багт нийтдээ 200 гаруй өрх, 680 хүн амьдардаг бөгөөд тэдний эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсээд буйг холбогдох албаныхан анхааралдаа авч үзэхийг хүсч байна.

Газрын доорх баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс Тавантолгойн ордод төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагаа  явуулах болсон цагаас эхлэн тус компанийг дэмжиж ирсэн талаараа ч нутгийн иргэд нь хэлж байна. Гэхдээ сум орон нутагт нь хөрөнгө оруулалт нэмэгдэж,  ард иргэдийн амьдралд дэмжлэг болно гэж итгэсэн нутгийн иргэд өнөөдөр ширүүхэн салхитай өдөр амьсгалахын аргагүй болдог тухайгаа учирлаж байна. Сүүлийн гурван жилийн турш ийм нөхцөлд амьдарсаар ирсэн, энэ талаараа тус компанид хэлж, сануулдаг ч нэмэр болоогүй гэнэ. Өнөөдөр хүртэл иргэдийг шороон дунд амьдруулах болсон энэ асуудлаар нутгийнхан цуглан, хуралдаж байгаа ажээ.

Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу  хоёрдугаар сарын 22-ны өдөр  Цагаан-Овоо багийн төвөөс 700-хан метрын зайд хөрсний овоолгоо байршуулах болсон нь айлуудын амьдрах нөхцөлийг хумьж, эрүүл мэндэд хохирол учруулж байгаа талаар иргэд бидэнд хандлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрсний хоёр ч овоолго багийн төвөөс урагш 1,5 км-ийн зайд байдаг аж. Гэтэл одоо гэрийнх нь хаяанд шахуу, малын нь бэлчээрт хөрсний овоолго үүсгэж байгаа явдлыг мэргэжлийн хяналт болон холбогдох яам, агентлагууд анхааралдаа авах хэрэгтэй болж.

Хэдийгээр нүүрсээ зөөж, мөнгө болгох нь эдийн засагт хэрэгтэй ч тэнд амьдарч байгаа нутгийн иргэдийн эрүүл мэндэд илтэд халдсан маягтай үйл ажиллагаа явуулж болохгүй.

Говийн салхи ширүүн, баруун хойд зүгээс байнгын салхитай байдаг учраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрсний овоолгоос болоод нутгийн иргэдийн ихэнх нь тоосжилтын харшилтай, мөн нүүрсний тоосонцороос болоод уушигны өвчнөөр өвчлөх нь ихэссэн гэх. Нүүрсний тоосонцор нүдэнд харагдахгүй хэрнээ уушигны хавдар үүсгэх аюултай.

Нутгийн иргэдийн хувьд Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын бодлогыг буруутгадаггүй ч, төслийг хэрэгжүүлэхээс өмнө тэнд амьдарч байгаа нутгийн иргэдийн амьдралд анхаарах, Цагаан-Овоо багийн төвийг нүүлгэн  шилжүүлэх зэрэг арга хэмжэ авах хэрэгтэйг сануулж буй юм.

Мөн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” удирдлагууд нутгийн иргэдийн саналыг сонсолгүйгээр дураараа авирлан, гэрийнх нь хаяанд хөрсний овоолго үүсгэх гэж байгааг төрийн “дээрэнгүй авир” гэж шүүмжлэх хүмүүс ч байна.

 

Нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаанаас болж эрүүл мэндээрээ хохирч байгаа нутгийн иргэдийн санал, гомдолыг холбогдох газрууд болон “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд судалж үзэн арга хэмжээ авах цаг нь болжээ.

Эх сурвалж: http://www.news.mn

 

  



Сэтгэгдэл бичих