ТАВАНТОЛГОЙ ХК “ТОП-100 ААН”-ийн АРАВТ шалгарлаа

Хэвлэх 2018-05-10 11:43:00

МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн Газартай хамтран жил бүр зохион байгуулдаг "Топ 100" аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах үйл ажиллагаа 2018 оны 4-р сарын 27-ны өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Өргөө цогцолборт болж, шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг өргөмжиллөө.

Монгол Улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахин биелүүлж, улс орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ давуулан биелүүлж, салбартаа татвар төлөлтөөрөө манлайлж, уул уурхайн салбарын үйл ажиллагаа, гадаад экспортын үйл ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулсныг үнэлэн Тавантолгой ХК-ийг 2017 оны “Топ 100” аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгаруулж, шилдгээр өргөмжиллөө.

Тавантолгой ХК-ийн хувьд 2016 оны шилдэг аж ахуй нэгжийн 20-д эрэмбэлэгдэж байсан бол энэ удаад өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, 2017 оны шилдэг аж ахуй нэгжийн 10-д эрэмбэлэгдэн тус жагсаалтын эхний 10-т шалгарлаа.

“Топ-100” аж ахуйн нэгжийг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Статистикийн Ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ зэрэг байгууллагууд хамтарч, ажлын хэсэг байгуулан албан ёсны тоон үзүүлэлтэд дээр тулгуурлан шалгаруулдаг. Тухайлбал, Дотоодын ААН-үүдийн 2017 оны дүн мэдээнд үндэслэн, ААН-ийн тухайн жилийн орлого, Улсын болон орон нутгийн төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үзүүлэлтүүдийг чухалчлан тодруулдаг билээ.

Тавантолгой ХК нь 2017 онд 4.1 сая тонн нүүрс олборлон борлуулж 427.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой /улсын хэмжээнд 13-т/ ажиллан улс орон нутгийн татварын орлогод 183.4 /улсын хэмжээнд 5-рт/  тэрбум төгрөг төвлөрүүлсэн, 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай /улсын хэмжээнд 5-рт/ ажилласан байна.

Түүнчлэн 2017 оны ногдол ашигт нийт хувьцаа эзэмшигчиддээ цэвэр ашгийн 90% буюу 126.9 тэрбум төгрөг хуваарилж үүнээс Өмнөговь аймагт 64.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилан өглөө. Сүүлийн 10 жилийн хугацаанд Өмнөговь аймаг зөвхөн ногдол ашгаар 200 тэрбум төгрөг хуваарилсан байна.

Компанийн засаглалын хувьд хамгийн сонгодог зөв хэлбэрээр ажиллаж нийт хувьцаа эзэмшигчид болон орон нутагт үр ашгаа өгч буй 52 жилийн түүхт хамт олон 2018 онд олсон амжилтаа улам бататган ажиллахаар зорин ажиллаж байна.

 

“ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ЗАХИРГАА

Гэрэл зургийг:  ikon.mn-ээс



Сэтгэгдэл бичих