“Таван толгой” ХК-ийн тамирчин Батнасангийн Халиун

Хэвлэх 2019-07-10 15:40:00

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат, “Таван толгой” ХК-ийн тамирчин Батнасангийн Халиун 2019 оны Шатар сонирхогчдын Дэлхийн аварга боллоо. Мексик улсад зургаадугаар сарын 30-аас энэ сарын 7-ны өдрүүдэд болсон Шатар сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60 гаруй орны тамирчид 1700, 2000 хүртэлх, 2100-аас дээш гэсэн чансааны ангилалд өрсөлдсөн байна. Б.Халиуны хувьд 2000 хүртэлх чансааны ангилалд өрсөлдөж, аваргалжээ. Өнгөрсөн жил Итали улсын Сардина аралд болсон Шатар сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1700 хүртэлх чансааны ангилалд оролцож, мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил чансаагаа ахиулан ийнхүү дэлхийн аваргын болзол хангалаа.

Мөн тэрбээр дээрх тэмцээний үеэр зохиогдсон түргэн тоглолтын төрөлд есөн өрөг тоглож алтан медаль хүртжээ. Б.Халиун Дэлхийн шатрын холбооны FIDE мастер цолны болзол хангасан байна.

Манай компани Б.Халиуныг шатрын спортоор хичээллэхэд нь тууштай дэмжсээр ирсэн билээ. Охины ээж А.Наранцэцэг “Миний охиныг шатрын спортод амжилт үзүүлэхэд “Таван толгой” ХК-ийн хамт олны дэмжлэг туслалцаа их байсан. Б.Халиуныг өмнө нь Казакстан, Румын, Итали улсад болсон шатрын тэмцээнд оролцоход зорчих онгоцны тасалбарын үнийг тус компани тухай бүрт нь гаргаж, дэмжиж ирсэнд талархаж байна. Мөн саяны Мексик улсад болсон тэмцээнд оролцоход онгоцны тасалбарын зардал болох гурван сая төгрөгийг “Таван толгой” ХК компани гаргасан” гэлээ. Б.Халиунд шатрын спортоор хичээллэхэд нь дэмжиж, сар бүр тэтгэмж олгож байна.

 



Сэтгэгдэл бичих