Гүйцэтгэх захиралын мэндчилгээ

Өмнийн шаргал говийнхоо хар сувдан шигтгээ болсон Тавантолгойгоор овоглогч эрхэм та бүхнийхээ түмэн амгаланг айлтган мэндчилж байна. Тавантолгойн уурхайн хагас зуун жилийн түүхийг бичилцэн явсан азай буурлууд, эрхэм журмын нөхөд, ирээдүйг өртөөлөн явах бага залуу дүү нар аа. Бидний хамт олон, халуун ам бүлийн маань тавин жилийг тоолон ирсэн өнө их түүх, нөр их хөдөлмөр, хамтын хичээл зүтгэл бидэнд энэ өдрийг, энэ баярыг, энэ амжилтыг авч ирсэн юм. Бид тавин жилийн туршид, монголын нийгмийн өгсөж уруудсан шилжилтийн олон үеүүдэд гал алдалгүй, галаа сахиж суусан уурхайчид билээ.

Бид түүхийн ямар ч цаг үед эх орныхоо өнцөг булан бүрд илч гэрлийг түгээн дэлгэрүүлсээр ирсэн баатрууд билээ. Гал халуун говь нутгийн хар алтан эрдэнэ болсон Тавантолгойн уурхай маань түүхийн анхны хуудсаа бичиж эхэлсэн тэртээх 1966 он бол бидний өнөөдрийн энэ амьдралын эхлэл байсан юм. Тавантолгой анх уул уурхайн олборлолт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан тэр цагаас хойш эх орныхоо илч гэрлийн манаанд буцалтгүй зогссоор амжилтын түүхээ цааш үргэлжлүүлэн 2004 оноос Тавантолгойн нүүрсний анхны гадаад борлуулалтыг эхлүүлэн ажилласан түүхтэй. Өнөө Тавантолгойн нэрийг монголчууд төдийгүй дэлхийн улс орнууд сайн мэдэх болжээ. Энэ бол хагас зуун жилийн туршид, ажлын хүндийг мөрлөж ирсэн үе үеийн уурхайчид, удирдлага хамт олны гавьяа юм. Эх орон маань нийгмийн шилжилтийн хүнд жилүүдтэй тулсан тэртээх он цагуудад, зах зээлийн олон үе шатыг ганхалгүй туулан ирсэн манай хамт олон улс болон орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, төсөвт төвлөрүүлсэн татвар хураамжаараа ямагт тэргүүлсээр иржээ. Мөн уурхайтай ажил амьдралаа холбосон олон ч хүний сэтгэл зүрхэнд залуу насных нь дурсамж дуртгалыг мөнхөлж, олон ч хүний амьдралд уурхайн буян арилшгүй тод зам мөрөө үлдээж, олон ч залуус уурхайн хотхоноос ажил амьдралын гараагаа эхэлж, амьдралын ханьтайгаа учирч, алаг үрсийнхээ зулайг үнэрлэж явжээ.

Энэ бүх тодхон дурсамж бидний сэтгэлд нэг нэгнээ гэсэн халуун дулаан итгэл сэтгэлийг үлдээж, бидний түүхэнд хагас зуун жилийн дурсамжийг мөнхөлсөн юм. Мөн Тавантолгойн 50 жилийн ойн энэ баяр бол зөвхөн  манай хөдөлмөрч, найрсаг, бүлсэг хамт олны маань баяр бус бидэнтэй тавин жилийн туршид хамтран ажиллаж ирсэн байгууллага хамт олон, итгэл сэтгэлээрээ дэмжин тусалж ирсэн орон нутгийнхан, энэ уурхайтай холбоотой хэн бүхний баяр юм. Та бүхэндээ ямагт халуун дулааныг түгээн ирсэн, харишгүй хөдөлмөрч уурхайчин хамт олныхоо өмнөөс, мөн компанийхаа дотоод гадаад нийт хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө нэрийн өмнөөс болон хувиасаа Тавантолгой ХК үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Галын дөл өөдөө байдаг жамаар галаа түгээж яваа уурхайчдын маань хийморь өөдөө байх болтугай.

 

"Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Сэддорж