ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
"Тавантолгой"ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Гүнждагва
Улиран одож буй 2024 онд уурхайчид бид улс эх орон, орон нутгийнхаа өмнө хүлээсэн үүрэг, зорилтоо биелүүлэхийн төлөө хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулж, улмаар олборлолт, экспортоо нэмэгдүүлэх тал дээр төвлөрөн ажилласан жил байлаа. Бид 2024 онд 4.5 сая.тн нүүрс олборлож түүнээс 2.2 сая.тн нүүрс борлуулснаас 1.9 сая.тн нүүрсийг экспортлон 295.0 мян.тн нүүрсийг дотоодод борлууллаа. Ингэснээр улсын болон орон нутгийн төсөвт нийт 503.7 тэрбум төгрөг төвлөрүүлж чадсан ба нэгж хувьцаанд 5596 төгрөг буюу нийт 294.7 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилсан нь түүхэн дээд амжилт болон тэмдэглэгдэн үлдэж байна. Улс эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын тулгуур болсон компанийнхаа нийт ажилтан хамт олон, Хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөл, хамтран ажиллаж буй аж ахуйн нэгжүүд болон харилцагч та бүхэндээ айлчлан ирж буй 2025 ондоо эрч хүч, хүсэл тэмүүлэл, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөн шинэ жилийн мэнд дэвшүүлье.
“Илч дулааныг зуунаас зуунд өртөөлөн буй уурхайчдын яруу алдар бадартугай”